Ас

Монгол уран бичлэг

Монгол

Эх хуудас Уран бичээч Батбаяр АС" студи Галерей Үйлчилгээ


Эртний Грект уран бичлэг хэмээх үг анх үүссэн гэж үздэг. Дэлхийн соёлт улс үндэстнүүд бүгд уран бичлэгийн уламжлалтай. Монголчууд тэрхүү өв уламжлалын зохиогч нь билээ. Монгол туургатны боловсруулан хэрэглэж ирсэн олон янзын бичиг үсгийн тогтолцоо нь 2000 жилийн түүхтэй ажээ. Монголын өргөн уудам нутагт хад чулуун дээр нь зураг дүрс, тамга тэмдэг, үсэг бичиг сийлэн үлдээгээгүй  газар ховорхон байдаг. Монголчуудын бичиг үсэг нь Түвд, Самгарди, Хятад, Манж, Орос, Түрэг зэрэг олон хэлэнд зохицсон тогтолцоотой байсан нь соёл боловсролыг хүндэтгэн дээдэлдэг байсны гэрч юм. Эртний Уйгар, Согд үсгээс дам авч хэрэглэж байсан гэх боловч тэр үед монгол бичгийг Монгол үсэг гэж нэрлэж байсан. Монгол хэлнийхээ авианы онцлогийг хадгалж буй болсон цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл хамгийн түгээмэл тогтвортойгоор хэрэглэгдэж ирсэн эртний уламжлалтай утга соёлын гайхамшиг бол Монгол бичиг билээ. Дорно дахины үсэг бичгийн түүхэнд Монгол бичиг нь дээрээсээ доошоо, нар зөв эргүүлэн сонгодог босоо чиглэлд бичигддэг.

Эртний уламжлалт бичгийн уран сайхны онцлог, бичгийн олон янзын хэв маяг, дармал, бичмэл, эвхмэл хэлбэрүүдэд хулсан үзэг бийр бэхсийг түгээмэл хэрэглэдэг. Орчин үед уран бичлэгийн судалгаа нь урлагийн судлал төдийгүй ахуйн хэрэглээ, үндэсний өвөрмөц уламжлалт дизайн загваруудад хэрэглэгддэг. Уран бичлэг нь дорно дахины гүн ухаантай хослон сэтгэл санааг догдлуулсан хөгжим, яруу найраг, уран зургийн урлагтай нягт уялдаатай хөгжиж байна.

Чингис хааны чулуу

Чингис хааны чулуу /1224-1225/  

Эртний үсэг бичгийн ховор нандин дурсгалын нэг чулуун дээр урлан сийлбэрлэсэн монгол худам бичгийн бичээс нийт монголчуудын дунд хамгийн урт удаан хугацаагаар хэрэглэгдэж байгаа цорын ганц бичиг юм. Монгол бичгийн одоогоор олдсон дурсгалуудаас 1224 оны орчимд бичигдсэн Чингисийн чулуу бөгөөд энэ нь уран бичлэгийн нэн ховор судлагдахуун билээ. Уг чулуун судар нь тэнгэр газрын харьцаа үг үсгийн мөр тэтгэх ёс, хүндэтгэл, бахархлын өгүүлэмжтэй. Есүхэй мэргэний гэрэлт хөшөө (Чингисийн чулууны бичиг)-ний бичгийг XIX зууны эхээр Хархираа голын хавиас олж 1832 онд Петербургийн үзэсгэлэнд тавьж нийтэд зарласан. Одоо хуулбар нь Монгол Улсын түүхийн төв музейд байгаа билээ. Гэрэлт хөшөө нь 202 см өндөр, 74 см өргөн, 22 см зузаан хэмжээтэй засмал боржин чулуун дээр босоо монгол бичгээр мөр тэтгэн Чингис хаан гэж эхлэн, таван мөр монгол бичгээр хорин нэгэн үг сийлэн урлажээ. Уг хөшөөн дээр Чингис хаан баруун тийш Сартуул иргэнийг дайлаар мордож их ялалт хийгээд буцаж ирээд хөхөгчин тахиа жил /1225 оны хавар их хүрээ хурсанд Есүхэй баатар 335 алд хол газар харван онож урьд хожид гараагүй хосгүй үйл явдалд зориулан босгожээ. 1930-аад он хүртэл монголч эрдэмтэн академич Шмидт, багш Ваанчиг, Б.Дорж, И.Клюкин, С.Мураями, Ч.Дамдинсүрэн, Ш.Бира, Д.Жамсранжав, Б.Ринчен нар янз бүрээр уншиж тайлбарлаж байв.  
1246 оны YII сард Монголын гуравдугаар их хаан Гүегээс Европ дахины Пап лам Ромын шашны хаанд өгсөн төрийн бичигт дарсан Их Монгол улсын далай хааны тамга. Ам дөрвөлжинд зургаан мөр монгол үсгийн бичээсийг цагаан үсгээр дүрсэлсэн байдаг. Энэ тамгын дардас Ватиканы түүхэн архивт хадгалагдаж байсныг 1920 онд Польшийн эрдэмтэн Кирилл Коралевский анх удаа гэрэл зургаар буулгаж судалгааны эргэлтэнд оруулсан. Францын монголч эрдэмтэн П.Пеллио судалгааны өгүүлэлдээ Чингис хааны тамга  (Гүег хааны тамга)-ны бичгийг шинжиж бичээсийг уншиж нийтлэв.  

Чингис хааны тамга

Чингис хааны тамга
/Гүеэ хаан 1246/
 

Монгол уран бичлэгийн дурсгалууд

Зургийг томруулж харах 1289 онд Францын хаанд илгээсэн эртний монгол бичгээр бичсэн захидал. Aргуун хаанаас Филипп хаанд илгээсэн эртний тигээр бичсэн захидлын төгсгөлийн хэсэг.  
Зургийг томруулж харах Эртний захидал, албан бичиг, ном судар, бичгийн соёл боловсрол өндөр түвшинд хүрснийг Турфанаас олдсон  эртний тигээр бичсэн энэхүү судрын хуудаснаас үзэж болно.  

Зургийг томруулж харах

Их сударч, түүхч, бичгийн эрдэмтэн, уран зураач, уран бичээч Ванчинбалын Инжаннашийн бага насандаа зохиож бийрээр бичсэн Цагаан үүл шүлгийн уран бичлэг  
 Монгол үсгийн эвхмэл хэлбэр нь дугуй, дөрвөлжин, угалзалан бичдэг төрөлтэй байдаг. Монгол бичгийн  монгол угалзалсан эвхмэл үсгээр  Өлзий гэсэн үг бичсэн нь.  
Монгол хэлний нэрт толь зүйч С.Шагж гуай бурханч уран зураач хүн байсан бөгөөд 1914 онд Ногоон дарь эхийн тууж гэдэг зохиолыг 5х5 см хэмжээний цаасан дээр багтаан голоор нь өөр өнгө оруулан халзлан бичсэн 6000-аад үсэг орсныг ердийн байдлаар бичвэл 14-6 см хэмжээний 12 хуудас ном болдог. Нэгэн гайхамшигт бяцхан ном /миниатюр/ Монгол Улсын нийтийн номын сангийн үнэт хөмрөгт хадгалагдаж байна.  
Зургийг томруулж харах Бичгийн эрдэмтэн Ч.Бат-Очирын Монгол үсгийн мөрдөн дууриах үлгэр номонд Монгол Улсын анхны үндсэн хуулийг монгол үсгийн эвхмэл хэлбэрээр модон бараар барлаж хэвлэсэн нь. 1932 он  
Зургийг томруулж харах Судар бичгийн хүрээлэнг ү үсгэн байгуулагч,  эрдэмтэн О.Жамъян гуайн монгол бичгээр бийрийн үзүүрээр гүйлгэн бичсэн бийрийн бичлэг  
Зургийг томруулж харах Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, академич Бямбын Ринченгийн "Их хөлгөн" судраас татлаган тигээр бичсэн гар бичмэл. Монгол бичиг нь хурааж, татлаган бичдэг өвөрмөц онцлогтой
Зургийг томруулж харах Академич Бямбын Ринчен гуайн бичсэн Монгол хэл шүлгээр Жалайр Батбаярын бичсэн "Эрдмийн гэрэл" монгол уран бичлэг. 1992 он  
Зургийг томруулж харах Монгол бичгийн цагаан толгойг бийрийн хичээнгүй бичлэгээр бичиж сурах судрын хуудас. Монгол бичгийн үндсэн тиг, бийрийн хичээнгүй бичлэгийг бичиж сурснаар бусад төрлийн бичлэгүүдийг эзэмшиж сурдаг. 

Монгол уран бичлэг ЮНЕСКО-д бүртгэгдлээ

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО нь “Монгол уран бичлэг”-ийг соёлын биет бус өвийн жагсаалтад багтаалаа.

Азербайжаны нийслэл Баку хотноо 2013 оны 12 сарын 2-7-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит хуралдаанаар монгол ард түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг Удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад санал нэгтэй баталсан байна. 

 

 

Дэлгэрэнгүй...

 

Уран бичлэгийн урлагийг нээсэн дээдэс өвгөдийн номын алтан үсэг мөнх тэнгэрийн хүчин дор наран, саран мэт дэлгэрэх болтугай.        

Эх хуудас Уран бичээч Батбаяр АС" студи Галерей Үйлчилгээ


Зохиогчийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтээлийг хуулбарлахыг хориглоно.
e-mail:
info@mongoliancalligraphy.com