Ас Уран бичлэгийн галерей Монгол
Эх хуудас Монгол уран бичлэг Уран бичээч Батбаяр АС" Студи Үйлчилгээ
Зургийг томруулж харах
Бэх, муутуу. 2002 он

Чингис хаан

"Тэнгэрийн чимэг нь гурван марал
Газрын чимэг нь гурван нуур
Хүний чимэг нь ЧИНГИС хаан" гэсэн нэр бүхий монгол уран бичлэг. 

Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий гуа марлын хамт тэнгис далайг гэтэлж ... гэж "Монголын Нууц Товчоо" хөлгөн сударт өгүүлснийг мөнх тэнгэрт цэцэглэж буйг бэлэгдсэн тамгатайгаар* дүрсэлсэн.  Дээрээсээ доошоо бичигдсэн судрын энэхүү хэсэг нь Монголын үүсэл гарлын түүх тэнгэрээс бууж буйг билэгдэн эртний тамга үсгээр хүрээ үүсгэн дүрсэлсэн. 
Уран бичлэгийн зохиомжид суу алдараа дуурсгасан их хааны нэрийг сүр хүч, сэтгэл зүрхний гүнд оюун ухааны илд болгон бүтээлээ. Эртний тамга үсэг, эвхмэл монгол бичиг, дөрвөлжин бичиг**, монгол бичгээр бичээчийн  нэрийн тамга дарсан.     

* - дүрст тамга
** - 1269 онд Монголын Юан гүрний Хувилай хааны зарлигаар Пагва лам Лодойжалцан зохиосон. 
 

Зургийг томруулж харах 
Бэх, муутуу. 2005 он

Улаанбаатар

Монгол бичигт хичээнгүй бичлэг, таталган бичлэг гэсэн хоёр төрлийн бичлэг байдаг. Монгол үсэг нь дээрээсээ доошоо нар зөв эргүүлэн бичигдэхдээ ацаг шүдийг нь хурааж, зөвхөн зураасаар тэмдэглэн таталган бичдэг онцлогийг ацаг шүдтэй бичсэн бичлэгтэй хослуулан "Улаанбаатар" гэж хотын нэрийг уран бичлэгээр бичсэн. "Улаан" гэсэн үгийн өмнөх хоёр цэг тавих зайд эртний үсэгтэй тамга зураас хоёрыг бичиж, "баатар" гэсэн үгийг бийрийн хичээнгүй бичлэгээр бичсэн. "Баатар" гэдэг үгний хоёр цэгийн харалдаа бичээчийн монгол үсэгтэй тамга дарсан.

Зургийг томруулж харах
Бэх, муутуу. 1990 он

Хавар

"Хавар" гэсэн үг нь урин цагийг уран дүрслэлээр сэтгэлд тодоор буулгаж байгалийн гоо сайхныг илэрхийлнэ. Монгол бичиг үсгийн зурлага нь оноосон нэр, өвөрмөц бүтэц, өөрийн онцлогоо хадгалсан байдаг нь бусад улс үндэстний бичиг үсгээс тод ялгардаг. Монгол уран бичлэгээр бичсэн "хавар" гэдэг үгийг анх 1994 онд уран бичлэгийн "Хавар ирлээ" гэсэн билэгдлээр олон түмнээ дэлгэн үзүүлсэн. Эртний тамга үсэг, монгол бичгээр нэрийн тамгаа зүүн дээд, баруун доод талд нь дарсан.   

Зургийг томруулж харах
Бэх, муутуу. 1990 он

Морь

Монголчуудыг морьгүйгээр төсөөлөшгүй. Монгол бичгийн бийрний зурлагын өргөн даралтаар "морь" гэдэг үгийг үсгийн зурлагын онцлог хэлбэрээр нь илэрхийлсэн. Монгол бичгийн "м" үсэг нь морины дэл, "о" үсэг нь морины толгой,  "р" үсэг нь урд хоёр хөл нь гэхчилэн дүрслэн бичсэн. "Морь" гэдэг үгний нурууны дээд талд эвхмэл монгол үсэгтэй тамга дарсан нь морь унасан хүн мэт. Доод талд нь гарын үсэг бичээчийн нэрийн тамга дарсан. 

Зургийг томруулж харах
Бэх, муутуу. 1992 он

Эрдмийн гэрэл

Монголын хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Иөншиөбү Бямбын Ринчен (1905-1977) монгол хэлний тухай долоон бадаг шүлгээ өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг билэгдэн бичсэн байдгийг монгол уран бичлэгээр ирээдүй хойч үеийн утга соёлын эрмдийн гэрэл, үүрд мөнх мандан гийх наран мэт болгон дүрслэв.
Чихний чимэг болсон аялгуу байсан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялагийг гайхан баясаж
Сод их билэгт түмэн юүгээн магтму би
гэсэн гайхамшигт  мөрүүдээр эхэлдэг. Зүүн доод талд бичээчийн нэрийн тамга гарын үсэг бичсэн.

Зургийг томруулж харах
Бэх, муутуу. 2003 он

Бясалгал

Дорно дахины гүн ухаанд судар номын  анхны хуудсыг нээж эхлэхдээ өмнө нь заавал тэмдэг* тавьж эхэлдэг.
 "Бясалгал" гэдэг үгний эхний хоёр үсгээр энэ тэмдэгийг дүрсэлсэн. Эрт үед ном уншихдаа бие, хэл, сэтгэл гурваа баясгаж уншдаг учиртай. "Бясалгал" гэсэн үгний дор өөрийгөө бясалгаж буй нэгэн хүмүүний зүрхэн тушаа газар улаан тамга** дарсан. Биеэ бясалгавал хэл сэтгэл хоёроо бясалгахын эхлэл болдог. Бясалгал сэтгэл зүрхэнд эрч хүч нэмдэг.
* Эртний Монголчууд ном судрын анхны хуудасны эхлэл тэмдэгээ бярга гэж нэрлэдэг уламжлалтай.
** Улаан тамга нь эвхмэл монгол үсгээр дарсан бичээчийн нэрийн тамга.

Зургийг томруулж харах
Бэх, муутуу. 2002 он

Шинэ сарны адил үзэсгэлэнт охин

Энэ уран бичлэг нь монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн "Хөдөө талын үзэсгэлэн" гэдэг алдартай өгүүллэгээр шөнийн тэнгэрт уулан дээгүүр хөвж буй шинийн гуравны үзэсгэлэнт саранг  дүрсэлсэн нь залуу бүсгүйг билэгдэнэ. Дээр нь долоон бурхан одыг дүрслэн, зургаа дахь одны дэргэд дөрвөлжин үсгээр бичээчийн нэрийн тамгаа дарсан. Уран бичлэгт "үзэсгэлэнт охин" гэдэг үгийг улаан өнгөөр мөр тэтгэн (догол мөр гарган) бичиж, "шинэ сарны адил" гэдэг үгийг уулын толгой дээр бичсэн. Өндөр уулын төвд нь амь оруулан (шүншиглэн) бичээчийн тамгаа дарсан. Уран бичлэгийн хичээнгүй бичгээр бичив.

Зургийг томруулж харах
Бэх, муутуу. 2003 он

Ариусахуй

Монгол бичиг нь уран бичлэгийн төрөл бүрийн өвөрмөц онцлогуудыг хадгалсан байдаг. "Ариусахуй" гэдэг үгийг монгол бичгийн нурууг нь тэмдэглэхгүйгээр бичихэд Солонгос үсэг шиг харагдаж ч болох юм. Монгол үсгийн зурлага нь маш энгийн, товчхон утга агуулга онцлогтой орон зайн өвөрмөц бичлэгийг харуулан бичигддэг уран бичлэг билээ. Зүүн доод талд нь гарын үсгээ бичиж дор нь монгол дөрвөлжин эвхмэл үсгээр уран бичээчийн нэрийн тамгаа дарсан.

Зургийг томруулж харах
Бэх, муутуу. 2003 он

Аяа

Монгол бичгээр бичсэн "Аяа" гэсэн үг нь бийр шиг харагдана. Хулсан бийрийг уран бийрээр зурахад "Аяа" гэсэн үг шиг ойлгогдоно. Энэ бол зөвхөн монгол үсэгт л байж болох боломж. "Аяа" гэсэн үгийг монгол бичгээр тэмдэглэдэг урагшаа орхицтой үгийн адагт ордог "а" үсэг нь бийр шиг бичигдэнэ.  "а" үсэгний дэргэд дөрвөлжин үсгээр эвхэж бичсэн бичээчийн нэр, гарын үсгийг бичсэн

Зургийг томруулж харах
Бэх, цаас. 1992 он

Монгол бичиг

Үсэг бичгийн түүхэнд янз бүрийн бичлэгийн төрөл чиглэлийг ашиглан утга санаа, уран сэтгэмжийг илэрхийлдэг. Монгол бичигт эвхмэл үсгийн төрөл онцгой үүрэг гүйцэтгэдэг. Эртний монголчуудыг монгол гэргүйгээр төсөөлөх аргагүй. Монгол бичгийн эвхмэл үсгээр таван ханат монгол гэрийн харьцаагаар "монгол" гэдэг үгийг гэрийн хэлбэртэйгээр  бичиж гэрийн хаалгыг нь "бичиг" гэдэг үгээр бичсэн нь монгол гэр, монголчуудтай танилцахад бичиг үсгийг нь мэдвэл тэдний оюун санаа, утга соёлыг нь мэдэж танина гэсэн билэгдэлтэй. Гэрийн хаалганы хажууд бариулын талд нь бичээчийн тамга эвхмэл монгол үсгээр дарсан байна. Гэрийн дээд талд "асч бадар" гэсэн утгатай бэлэгдлийн тэмдэг дүрсэлсэн.

Жалайр Батбаяр. Монгол уран бичлэгийн түүх-I. Ном.
Улаанбаатар хот. 2001 он
Монгол бичгийн эвхмэл үсгийн урлагийн тухай. .
Улаанбаатар хот. 2003 он
МУИС, Монгол хэл-соёлын сургуулийн эмблем. 2003 он "Монгол хөөмий" төвийн эмблем, 2003 он
Эх хуудас Монгол уран бичлэг Уран бичээч Батбаяр АС" Студи Үйлчилгээ


Зохиогчийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтээлийг хуулбарлахыг хориглоно.
e-mail:
info@mongoliancalligraphy.com